Mar 12, 2024

Г.ГҮНБИЛЭГ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЦАГИЙГ “МОНГЕОКАТ” ХЭМНЭДЭГ

“МонГеоКат” каталогийн хөгжүүлэлтэд Та ямар үүрэгтэй ажилласан бэ?

2019 онд “МонГеоКат” каталог дээр ажиллаж байхдаа тодорхой дугаартай тайлангийн товч мэдээллийг монгол, англи хэл дээр систем рүү оруулсан.

Үндэсний геологийн алба (ҮГА) нь “МонГеоКат” каталогийг хөгжүүлж, хэрэг- лээнд нэвтрүүлж байна. Энэ нь олон нийт болон хөрөнгө оруулагчдад ямар боломжийг олгох вэ?

Улсын төсвөөр хэрэгжүүлсэн төслүүдийн тайланг олон нийтэд ил болгосноор хөрөнгө оруулагчид цаг хугацаа хэмнэж байна. Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчид болон геологчид тухайн тайланг үзэх шаардлагатай эсэхээ шийдэж, тайлангийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Геологийн төв дээр заавал биеэр очиж, тайлангийн дугаар болгоныг шүүж үздэг цаг хугацааг хэмнэж, Геологийн баримтын төв архивын ачааллыг багасгасан.

Хөгжүүлэлтийг хийж байх явцад учирч байсан саад бэрхшээлүүд байв уу, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Намайг ажиллахаар очиход 2019 он хүртэлх 9000 гаруй тайлангийн талыг нь “МонГеоКат”-д оруулсан байсан. Мета дата- каталогийн хөгжүүлэлтийн ажил цар тахлын үетэй давхацсан учраас хэцүү, хугацаандаа амжих гээд эрсдэл гарч байлаа. Орос хэл дээрх тайлангуудын заримыг нь орчуулахад цаг нэлээд шаардсан. Хандалт ихтэй монгол тайлангуудаас ажлаа эхлүүлсэн л дээ.

Төслийн оролцогч талуудтай хэрхэн хамтарч ажилласан бэ?

Төсөл хэрэгжүүлэгч АMEП хөтөлбөр, нөгөө талдаа тайлангуудыг системд оруулахдаа Геологийн баримтын төв архивтай хамтарч ажилласан. Газрын тостой холбоотой болон хувийн хэвшлийн баримтууд хаалттай байдаг. Тиймээс бусад тайланг жагсаагаад, тайлангуудаа өдөр бүр авч ажилласан.

“МонГеоКат” нь хөрөнгө оруулагчдад нэн хэрэгцээ, шаардлагатай, бас найдвартай болж хөгжсөн гэж харж байна, тийм үү?

Би хөрөнгө оруулалтын шинжээчээр ажилладаг. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад хөрөнгө оруулахад нь тусалж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. “МонГеоКат”-ийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчид Монголын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулахдаа хаана, ямар төрлийн ашигт малтмал байгааг хэн нэгэн хүнээс хамааралгүйгээр англи хэл дээр үнэ төлбөргүй харах боломжтой. Энэ талаасаа “МонГеоКат” нь томоохон дэвшил юм. Тухайн хэрэглэгч тайланг дэлгэрүүлэн үзэх сонголтыг энэ систем олгож байгаа. Геологийн төв архивт очоод бүртгэлээ хэлж, тайлангуудыг гүнзгийрүүлэн үзэж болно.
 

Санал болгох