Mar 12, 2024

Г.ЭРДЭНЭТУЯА: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН КОДЕКСЫГ БҮХ КОМПАНИД НЭВТРҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ

Монголын уул уурхайн үндэсний ассоциациас /МУУҮА/ Хариуцлагатай уул уурхайн Кодексийг /ХУУК/ компаниудад амжилттай нэвтрүүлж байна. ХУУК гэж яг юуг хэлээд байна вэ?

МУУҮА 1994 онд байгуулагдсан. Гэрчилгээ дээр нь Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэж бичсэн байснаас харахад анхнаасаа хариуцлагатай уул уурхайг /ХУУ/ хөгжүүлэхийг зорьж байсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл тэр үед л ХУУ гэдэг ойлголт байсан гэсэн үг. Ингээд харахаар ХУУ-н талаарх ойлголт сүүлийн жилүүдэд л олонд илүү хүрч байгаа болохоос биш аль 30 жилийн өмнө ч байсан, яригдаж л байсан ойлголт. Бодитоор хэрэгжиж эхэлсэн үе нь гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт орж ирсэнтэй холбоотой гэж боддог. 2000-аад оны эхэн үед уул уурхайн салбарт гуравдагч орны хөрөнгө оруулагч “Сентерра Гоулд” компани Бороогийн алтны үндсэн ордын төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш байгаль орчин, хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа... гэх мэтээр хүчтэй ярьж эхэлсэн.

Тэгвэл түүнээс өмнө 60, 70 жилд ямар байсан юм бэ гэдэгт хариулах хэрэгтэй. Одоо ч ажиллаж байгаа том уурхайнууд, уулын үйлдвэрүүд тэр үед ажиллаж байсан. ЗХУ- ын хөрөнгө оруулалт буюу тухайн үедээ бол гадны хөрөнгө оруулалт байж л байсан. Тэр үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн онцлогоо дагаад уул уурхайн салбар нь илүү бүтээмж дээр төвлөрч байсан. Байгаль орчны асуудал, ХАБ зэрэг орчин цагт нэн тэргүүнд тавигддаг болсон асуудлууд тухайн үед нэгдүгээрт тавигддаггүй байж.

ХУУК яагаад гарч ирэх болов? Австрали, Америк, Канад гэхэд уул уурхайн салбар нь 200 жил, түүнээс цааш түүхтэй. Харин манайх бол 100 жилээр яригдаж байна. Гэхдээ 100 жилийн түүхийнх нь сүүлийн 30 орчим жил нь өөр тогтолцоонд шилжсэн үзэгдэл нь барууны хөрөнгө оруулалттай холбоотой. Манай уул уурхайн салбарт 10 гаруй жилийн өмнө boom болсон бол Австралид аль 1820-иод онд алтны boom болж байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэд биднээс хамаагүй хол явсан, хамаагүй урт хугацаа зарцуулсан гэсэн үг. Түүний үр дүн нь өнөөгийн дэлхийн жишиг болсон ХУУ бүрэлдэн тогтсон байна. Одоогийн жишигт хүрэхийн тулд маш их зүйл алдсан, маш их хохирол амссан нь ойлгомжтой. Бид тэдний хэмжээнд хүрэхийн тулд явсан замаар нь дахиад 170, 200 жил явах шаардлага байхгүй. Бидэнд цаг хугацааг товчлох, тэдний алдаанаас богино хугацаанд суралцаж, амжилтыг нь нэвтрүүлээд явах боломж байна.

Бүгд хариуцлагатай уул уурхай гэж ярьдаг, тодорхой хэмжээнд ойлгодог болсон боловч бас яг ямар уурхайн үйл ажиллагааг хариуцлагатай гэх юм бэ гэдгийг нарийн ойлгоогүй байна. Нөхөн сэргээлт хийсэн бол хариуцлагатай, зам баривал хариуцлагатай, цэцэрлэг баривал хариуцлагатай гээд л яриад байдаг. Тийм болохоор МУУҮА-ийн зүгээс олон улсын зарчмаар ХУУК-той байх ёстой юм байна гэж үзээд НҮБХХ-ийн “Байгаль орчны нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төсөл”-ийн хүрээнд 2018 онд боловсруулсан “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлал”-д суурилан боловсруулсан.

Энэ үед оролцогч талуудаас ISO стандартууд, ESG гээд олон улсын том стандартууд яригдаж байхад дахиад Кодекс гаргах ямар шаардлагатай байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байсан. Хариулт нь маш энгийн. Тоотой хэдэн компани л хариуцлагатай уул уурхайн жишиг болж, тэр олон улсын стандартуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлдэг. Яг манай салбарын масс буюу жижиг компаниудын дийлэнх нь хариуцлагатай байж чадахгүй яваад байна. Энэ нь манай салбарын сул тал болж байна. Тийм болохоор бид уул уурхайн салбараа бүхэлд нь харж, бүгд хариуцлагатай байх тэр гарцыг бий болгохыг зорьсон.

Энэхүү кодекс нь Хариуцлагатай уул уурхайн 8 зарчим, 5 хамрах хүрээ 29 шаардлага бүхий Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс, кодексыг хэрэгжүүлэх заавар, өөрийн үнэлгээ хийх заавар гэсэн 3 баримт бичгээс бүрдэх ба дээрх шаардлагуудыг үр дүнгийн менежментийн тогтолцооны Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул (PDAC) гэсэн аргачлалаар хэрэгжүүлэх юм. Тухайн кодекст нэгдэж байгаа байгууллага эхний жилд кодексыг нэвтрүүлэх сургалтад хамрагдах, кодексын дагуу өөрийн үнэлгээ хийж тайлан гаргах, өөрийн үнэлгээ хийх явцдаа зөвлөгөө авах гэсэн үе шатуудыг дамжих бол МУУҮА нь кодексын дагуу гаргасан тайланг олон нийтэд хүргэх, Хөндлөнгийн үнэлгээ хийлгэж үр дүнг МУУҮА-ийн Зөвлөлийн дэргэдэх Олон талт зөвлөлөөр хэлэлцүүлж зэрэглэл тогтоох, олон нийтэд зарлах ажлыг зохион байгуулах юм.
 

Энэхүү Кодекс нь Хариуцлагатай уул уурхайн 8 зарчим, 5 хамрах хүрээ 29 шаардлага бүхий Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс, кодексыг хэрэгжүүлэх заавар, өөрийн үнэлгээ хийх заавар гэсэн 3 баримт бичгээс бүрдэх ба дээрх шаардлагуудыг үр дүнгийн менежментийн тогтолцооны Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул (PDAC) гэсэн аргачлалаар хэрэгжүүлэх юм.
 

АМЕП төсөл МУУҮА-тай ямар төслүүд дээр хамтарч ажиллав аа?

ХУУ-н кодексыг 2019 онд анхны 8 компани хүлээн зөвшөөрч үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлснээр уул уурхайн салбарт хэрэгжиж эхэлсэн боловч дэлхий даяар тархсан ковид 19 цар тахлын нөлөөгөөр кодексыг олон нийт, оролцогч талуудад танилцуулах, хэрэгжүүлэхэд нэлээн хүндрэл учруулсан. Иймд 2022 онд МУУҮА-ийн зүгээс цар тахлын дараа тус кодексыг салбарын бүхий л оролцогч талуудад танилцуулах, илүү олон байгууллага, компаниудыг хамруулахыг зорьж АМЕП 2 хөтөлбөрт хандан 2022 оны 12 дугаар сараас эхлэн 2023 оны 6-р сарыг дуустал “Хариуцлагатай уул уурхайг дэмжих нь” богино хугацааны төслийг хэрэгжүүлсэн. АМЕП 2 хөтөлбөрийн дэмжлэгээр хэрэгжсэн тус төслийн хүрээнд бид ХУУК-ийг оролцогч талуудад танилцуулах ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулж ажилласнаас гадна тус кодексын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим шаардлагатай арга хэмжээнүүд авч ажилласан. Жишээлбэл тус кодексын Хөндлөнгийн үнэлгээний 21 мэргэжилтэн бэлтгэснээр хөнд- лөнгийн үнэлгээ хийх боломжийг бүрдүүлж хөтөлбөрийн хэрэгжилтийг дараагийн шатанд гаргасан. Үр дүнд нь анхны Хөндлөнгийн үнэлгээг “Энержи ресурс” ХХК-д хийж гүйцэтгэсэн. Мөн 2023 оны 6-р сард Хангайн бүсэд, 7-р сард төвийн бүсэд, 9-р сард Баруун бүсэд, 11 дүгээр сард Зүүн бүсэд “Хариуцлагатай уул уурхайн өдөрлөг”- ийг зохион байгуулснаар оролцогч талуудын хариуцлагатай уул уурхайн мэдлэг мэдээлэл сайжирч хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлсэн зэрэг маш олон эерэг нөлөөллийг тус төслийн хүрээнд бий болгосон гэж дүгнэж байна. Тус төслийн хүрээнд бий болсон голлох үр дүнгийн нэг нь уул уурхайн салбарын оролцогч талууд, тэр дундаа төрийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагууд нь ХУУК-ийн талаар маш сайн мэдээлэлтэй болсон. Иргэний нийгмийн байгууллагууд нь цаашдаа ХУУК-ийг үйл ажиллагаандаа уялдуулаад олон нийтэд танилцуулах ажлыг өөрсдөө хийгээд эхэлсэн бол УУХҮЯ, БОАЖЯ нь МУУҮА-тай тус кодексыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж олон ажлыг хамтран зохион байгуулж байна. АМЕП хөтөлбөр дуусаж байгаа нь миний хувьд харамсалтай санагдаж байна. Яагаад гэвэл тус хетелбер нь хэрэгжсэн нийт хугацаандаа маш өгөөжтэй олон төслийг хэрэгжүүлсэн. АМЕП хөтөлбөр маань үргэлжилсэн бол хамтраад цаашдаа хийж хэрэгжүүлэх илүү олон ажил байлаа. Манай улс гадаад харилцааны хувьд хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлого гэж том бодлого байдаг. Энэ бодлогын хүрээнд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтыг Засгийн газар ч, компаниуд ч маш их хүсэж байна. Тэгвэл хөрөнгө оруулалтын орчныг яаж сайруулах вэ гэдэг дээр гуравдагч хөршийн олон улсын хөгжлийн төслүүд маш өндөр үүрэгтэй гэж боддог. Гуравдагч хөршийн эдгээр төслүүд орж ирснээр олон улсын стандарт, ноу-хау, туршлага манай улсад, манай салбарт нэвтэрч байна. Яагаад гэхээр тэр олон улсын хөгжлийн төслүүд ганцхан манай улсад гэлтгүй бусад олон улсад ажилладаг. Тэр хэрээр маш их туршлагатай, бусдын алдсан, оносон зүйлийг маш сайн мэддэг болчихсон байдаг болохоор тэр туршлага, чадвар нь манайх шиг улсад маш их хэрэгтэй гэж боддог. АМЕП хөтөлбөр нь Монголын эрдэс баялгийн салбарт маш олон төслийг эхлүүлсэн. АМЕП хөтөлбөр дуусаж байгаа ч тэр төслүүд нь тогтмол цаашаа үргэлжлэх ёстой. Үр дүнг нь уул уурхайн салбар үзэж, мэдрэх хэрэгтэй байна. МУУҮА-ийн зүгээс энэ тал дээр идэвхтэй ажиллах болно. АМЕП хөтөлбөрөөс гадна бусад улсын Хөгжлийн төслүүдтэй хамтрах боломжтой, тийм хүсэл бидэнд байна. 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Кодексоо танилцуулах, нэвтрүүлэхэд ямар асуудал, хүндрэл тулгарч байсан бэ? 

Мэдээж, хүндрэл, бэрхшээлүүд нэлээн байсан. Мэдээж түрүүн дурдсанчлан нэмэлт шаардлага гарч ирж байгаатай холбоотой компаниудаас гарч ирж байсан асуулга, эсрэг байр сууриуд байсан. Энэ бүхэн одоо бол шийдэгдээд компаниуд маань хэрэгжүүлээд явж байна. Мөн Хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтын зөрүү маш их байсан. Энэ зөрүүг арилгахын тулд бүхий л оролцогч талуудтай тус тусын уулзалт, зөвлөгөөнүүд хийсэн. Мөн олон удаагийн сургалт хийлээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд оролцогч талуудын төлөөлөл 800 гаруй хүнд Кодексын талаарх мэдээллээ өгсөн байна. Уул уурхайн салбарын оролцогч талуудын төлөөллүүдийн Кодекс, хариуцлагатай уул уурхайн талаар ойлголт нь нэмэгдсэн. Зарим жижиг, дунд компаниуд маань бид хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг боловч яагаад  Кодекст нэгдэж, хэрэгжүүлэх ёстой юм гэж асуудаг.  Кодекс бол олон талын оролцоог хангаж байгаа нэг хэлбэр юм. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хөндлөнгийн хүмүүс, орон нутгийн иргэд, удирдлага нь тухайн компанийн мэдээллийг бүрэн авна. Зарим нь хөндлөнгийн үнэлгээ өгөхөд оролцоод явчихна. Энэ мэтээр олон талын оролцоог хангана. Энэ нь өөрөө тухайн компанийн, төслийн тогтвортой, хариуцлагатай ажиллахад чухал дэмжлэг болох юм. Хариуцлагатай уул уурхайн кодекс бол үр өгөөжтэй гэдэг нь нотлогдсон зүйл. Австрали, Канад гээд өндөр хөгжилтэй улсуудад ийм кодексыг Уул уурхайн ассоциаци нь нэвтрүүлээд хэрэгжилтийг хангаад явдаг. Гишүүн компаниуд нь хэрэгжүүлээд, түүгээрээ олон нийтийн оролцоогоо хангаад, олон нийтээрээ үнэлгээ хийлгээд, дэмжлэгээ аваад явдаг ийм л олон улсад тогтсон тогтолцоо юм. Канадын уул уурхайн ассоциацийн “Тогтвортой уул уурхайн төлөө” кодекс бол маш хүчтэй, өргөн цар хүрээг хамардаг. Дэлхийн 20 гаруй улсад хүлээн зөвшөөрч, дагаж хэрэгжүүлдэг. Кодекс нь ISO стандартаас юугаараа ялгаатай юм бэ гэдэг. Кодекс нь тухайн компанид илүү сайжрах боломжийг олгодог. ISO нэвтрүүллээ, аудит оруулна. Кодекс нэвтрүүллээ, аудит оруулна. Кодексыг нэвтрүүлснээр үүрэг амлалт авч, түүнийгээ хэрэгжүүлэх замаар үйл ажиллагаа нь сайжрах ёстой гэж ойлгож болно. ISO дээр нэг үл тохирол үүсэхэд л сертификат өгдөггүй. Кодексын хувьд хэдэн ч үл тохирол үүсэж болно. Гэхдээ тэр үл тохирлуудаа засаад, сайжруулаад явах боломжтой. Тухайн компанийн Кодексын хэрэгжилтийг хөндлөнгийн үнэлгээчид, олон талт зөвлөл үнэлнэ. Тэд A, B, C гээд зэрэглэл тогтоож өгнө. Үл тохирлуудаа засах замаар үнэлгээ нь сайжраад явна гэсэн үг. Түүнээс биш компанийн үйл ажиллагааг шалгаж, цензур тогтоож, шаардлага хангахгүй байна гээд гоочлох, дарамтлах ямар ч үйлдэл гаргахгүй. Бидний зүгээс Кодекс нэвтрүүлнэ гэсэн маш том үүрэг амлалт авч, Кодексыг хүлээн зөвшөөрч байгаа компаниуддаа хүндэтгэлтэй хандаж байгаа.

МУУҮА-ийн дараагийн зорилт юу вэ?

МУУҮА-ийн хувьд эрдэс баялгийн салбарын тогтвортой байдлыг бий болгох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нутагшуулах үндсэн зорилтын хүрээнд ХУУК-ийг салбарын бүхий л компанид хүргэхийг зорьж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр байгаа ашигт малтмалын хэдэн тусгай зөвшөөрөл байгаа вэ. Түүнээс уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь хэд байна вэ? Тэр бүх компанид Кодексыг нэвтрүүлэхийг зорьж байна. Тэгж байж манай уул уурхайн салбар хариуцлагатай болж төлөвшинө. Үүний үр дүнд бидний өмнө тулгарч буй олон асуудал шийдэгдэх юм. Мөн ХУУК-ийн хэрэгжилтийг дараагийн шатанд гаргаж Олон талт зөвлөлийг байгуулах хөндлөнгийн үнэлгээ хийсэн байгууллагуудаа баталгаажуулах ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Санал болгох