Oct 06, 2023

“Mongolian Mining Expo” арга хэмжээнд АМЕП хөтөлбөр оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хамтран “Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП)”-ийг хэрэгжүүлж байна. АМЕП хөтөлбөр 2015 оны 04 дүгээр сард эхэлснээс нийт 50 гаруй  төслийг 100 орчим байгууллагатай хамтран хэрэгжүүлээд байна.

Нийт 400 гаруй байгууллага оролцож буй “Mongolian Mining Expo” арга хэмжээнд АМЕП  хөтөлбөр хариуцлагатай уул уурхай болон байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлыг онцлон оролцож байна. Арга хэмжээний үеэр эрдэс баялгийн салбарынхан болон олон нийтийн төлөөлөл гэх мэт нийт 150 гаруй зочид, төлөөлөгчид АМЕП хөтөлбөрийн хэрэгжүүлсэн 50 гаруй төслийн тухай мэдээлэл авлаа.

Мөн арга хэмжээний үеэр АМЕП хөтөлбөрийн багийн ахлагч хатагтай Рена Гүэндүэз Байгаль Орчин, Нийгэм, Засаглалын ач холбогдол болон хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх талаар илтгэл тавьсан юм. АМЕП хөтөлбөрийн зүгээс Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын чадавхыг бэхжүүлэх гарын авлага, Геологи, уул уурхайн компанийн орон нутгийн харилцаа гарын авлага,  Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба талуудын оролцоо гарын авлага, Эрдэс баялгийн салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж олон нийтэд нээлттэйгээр хүргээд байна.

 “Mongolian Mining Expo” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлж байна. АМЕП 2 хөтөлбөр ирэх долоо хоногт эхлэх Монголын Уул Уурхайн 7 хоног арга хэмжээнд оролцох тул та бүхнийг манай баг хамт олонтой ирж танилцан бидний хийсэн ажлуудтай танилцахыг урьж байна.

АМЕП хөтөлбөр нь эхэлсэн цагаасаа хойш төр, хувийн хэвшил болоод иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулан  ажиллаж байгаа юм.

Санал болгох