Feb 02, 2021

Байгаль орчны аудитыг сайжруулахад АМЕП хөтөлбөр дэмжлэг үзүүлнэ

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10.1-д бүх компани хоёр жил тутам хөндлөнгийн байгууллагаар байгаль орчны аудит хийлгэж байх ёстой гэж заасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/809 дүгээр тушаалаар  Монгол улсад байгаль орчны аудит хийж гүйцэтгэх ерөнхий заавар баталсан ч хэрэгжилт, үр дүн нь хангалтгүй байна. Мөн БОАЖЯ-наас байгаль орчны аудит хийх эрх авсан 30 гаруй компани, 160 орчим эрх авсан аудитор байгаа ч байгаль орчны аудитын чанар учир дутагдалтай байна. Байгаль орчны аудитыг чанаргүй хийснээр аймаг сумдын засаг захиргаа, орон нутгийн иргэд уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин, нутаг усаа хамгаалах чадваргүй, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулсан уурхайн компаниудтай хариуцлага тооцох боломжгүй болох зэрэг олон асуудал үүсдэг. Мөн Монголын банкны холбооны үзэж байгаагаар байгаль орчны аудитын тайлангийн чанарт баталгаа өгдөг тогтолцоо бүрдээгүй нь олон улсын хөрөнгө оруулагчдыг  татаж чадахгүй байх  нэг шалтгаан болж байна.
БОАЖЯ, АМЕП хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Байгаль орчны аудитын холбоо (БОАХ) байгаль орчны аудитын мэргэжлийн стандарт нэвтрүүлэх, аудиторуудыг  гэрчилгээжүүлэх, байгаль орчны аудитын компаниудын чанарын гүйцэтгэлийг батламжлах тогтолцоо бий болгохоор ажиллаж байна.  Гэрчилгээжүүлэх, баталгаажуулах тогтолцоог бий болгохын тулд БОАХ-ны институцийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай.
АМЕП хөтөлбөр мөн БОАЖ-ын сайдын А/809 дүгээр тушаал, мэргэжлийн бусад хэм хэмжээ, стандартад заасан шинэ аргачлалыг нэвтрүүлэхэд чиглэсэн, өрсөлдөх чадварт суурилсан сургалтын модуль, хөтөлбөрөөр байгаль орчны аудиторуудад сургалт явуулахаар төлөвлөж байна. Байгаль орчны аудитын үйл ажиллагааны чанар, стандартыг сайжруулах, мэргэшүүлэх, хуулинд заасан шаардлагуудыг аудитын компани, аудиторууд биелүүлдэг болоход энэ ажил чухал ач холбогдолтой юм. БОАХ дараагийн 1-2 жилд багтаан, МУ-ын Стандарт, хэмжил зүйн газраас байгаль орчны аудитын мэргэжлийн стандарт батлуулах төлөвлөгөөтэй байна. Байгаль орчны аудитын чанар, стандартыг тодорхой болгож, сайжруулснаар уул уурхайн компаниудын байгаль орчны менежментэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, салбарын хэмжээнд байгаль орчны ерөнхий гүйцэтгэлийг  ахиулах боломжтой. 

Санал болгох