Jun 30, 2023

Байгууллага хоорондын мэдээллийн урсгалын замын зураглал хийж мэдээллийн нэгдсэн систем бий болгох техникийн аргачлалыг боловсруулав

АМЕП 2 хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 онд хэрэгжүүлсэн 8 төслийн нэг нь “УУХҮЯ, АМГТГ, ҮГА-ны мэдээллийн системүүдийг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх нь” бөгөөд энэхүү төсөл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), Үндэсний геологийн алба (ҮГА) буюу эдгээр гурван байгууллага хоорондын мэдээ, баримт солилцох мэдээллийн урсгалыг нэгтгэх платформ үүсгэх, интеграцчилагдсан техникийн тогтолцоотой болгоход дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Уг төслийн хүрээнд энэ чиглэлээр өмнө нь хийгдсэн ажлуудад суурилан мэдээллийн системүүдийг нэгтгэх замын зураглал гаргаж, хэрэгжүүлэх удирдамжийг боловсруулах юм. Төсөл хэрэгжих хугацаанд АМЕП 2 хөтөлбөрийн мэргэжилтэн, зөвлөхүүд үндсэн гурван чиглэлийг баримталж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Нэгдүгээрт, бизнесийн процесс, нарийвчилсан тодорхойлолт гаргах ажлын хүрээнд оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг дурдаж, дэлгэрэнгүй байдлаар тодорхойлох, гурван байгууллагын батлагдсан бүтэц, орон тоо, газар, хэлтэс, нэгжүүдийн үүрэг хариуцлага, өгөгдөл солилцооны бизнес процессыг нарийвчлан судлах замаар дүн шинжилгээ хийсэн. Хоёрдугаарт, гурван байгууллагын мэдээллийн технологийн (Information systems) техникийн нөхцөл байдлын одоогийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн ба гуравдугаарт энэхүү үнэлгээ шинжилгээнд үндэслэн мэдээллийн нэгдсэн платформ буюу системийг бий болгох дөрвөн төрлийн арга замын зураглал гаргаж, холбогдох төсөв, зардлын тооцоо, шаардлагуудыг тодорхойлон боловсруулсан байна..

АМЕП 2 хөтөлбөрийн зүгээс УУХҮЯ, АМГТГ болон ҮГА-ны холбогдох газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдэд төслийн хэрэгжилт, түүнээс гарсан үр дүнг танилцуулах уулзалтыг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, санал дүгнэлтийг сонсож, хэлэлцүүлсэн билээ.

Эрдэс баялгийн салбарын дээрх гурван байгууллагын нэгтгэсэн цахим системийг боловсронгуй болгосноор тусгай зөвшөөрөл олгох, түүнийг удирдан зохион байгуулах ажлыг үр дүнтэй гүйцэтгэх үндэс болж, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Аливаа цахимжуулалт нь ил тод, нээлттэй, бүтээмж өндөртэй, үр дүнтэй үйл ажиллагааг бий болгож, төрийн зүгээс компани, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулж, олон нийтийн мэдээлэл хүлээн авах урсгалыг  нэмэгдүүлэх давуу талтай.
  
 

Санал болгох