Nov 06, 2021

Л.Бямбажав: Хаана ч байдаггүй нэг гажуудал манай АМНАТ-ийн тогтолцоонд байна

- Жирийн уншигч, сонсогчдод байгалийн баялаг, нөөц, ашигт малтмалын ялгааг энгийнээр тайлбарлаж өгөөч. Манай улсад одоо байгалийн баялгаа хэрхэн боловсруулж, борлуулдаг юм бэ?
- Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд ”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ гэсэн байдаг. Мөн хуульд ”ашигт малтмалын орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг хэлнэ гэж тодорхойлжээ.

Энд “чанар, нөөц нь тодорхойлогдсон, ...олборлоход эдийн засгийн хувьд ашигтай” гэсэн байгаа биз. Гэтэл манайхан хайгуул нь дуусаагүй, эдийн засгийн тооцоо судалгаа хийгдээгүй байхад “учиргүй баян, Оюутолгойгоос хэд дахин том орд гарч гэнэ” гэж шуугилдаад, харамлах, хадгалах юм болоод, байгаль дэлхийгээ хамгаалагч, эх оронч нэрээр давхиж очоод ажлыг нь зогсоочихдог.
Манайханд бас нэг төөрөгдөл байна. Газрын хэвлийд байгаа ашигт малтмалын ордыг “баялаг” гэж нэрлээд, “бид баян” гээд дээр нь сандайлаад, хүний өөрийн амьтнаас харамлаад суугаад байдаг. Газрын хэвлийдээ байгаа орд бол баялаг биш, нөөц гэж би хэлмээр байна. Уг нь тэр ашигт малтмалын ордод хөрөнгө оруулж, үйлдвэр, уурхай барьж байгуулж, олборлож борлуулж байж сая баялаг болж байгаа юм. Тэгэхээр хөрөнгө оруулагчид, уурхайчид бол манай хамгийн том баялаг бүтээгчид мөнөөсөө мөн.
Өнөөгийн байдлаар манай орон тодорхой хэдхэн ашигт малтмал олборлож, зарим нэгийг нь баяжуулж, баяжмал хэлбэрээр дотоодын зах зээл болон экспортод гаргаж байна.  Тухайлбал, нүүрсний багахан хэсгийг угааж, төмрийн хүдрийг анхан шатны ялгалт хийж гаргаж байна. Зэс, цайр, цайр-хар тугалга, хайлуур жоншны хүдрийг баяжуулж, баяжмал хэлбэрээр гаргаж байна. Багахан хэмжээний цагаан тугалга, гянтболдын баяжмал гаргадаг.
Эрдсийн түүхий эдийг илүү гүнзгий боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал олон жил яригдаж байна. Эрдэнэтийн овооны ордын исэлдсэн хүдрийг ашиглан “овоолгод уусгах-электоролиз”-ын аргаар цэвэр зэс гаргаж буйг эс тооцвол манайд хүдэр, баяжмалаас металл гарган авах металлургийн үйлдвэр байхгүй. Цайрын баяжмалыг боловсруулж металл цайр гаргах үйлдвэрийн асуудлыг нэг хувийн компани хэдэн жил хөөцөлдөөд бүтээгүй. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал 1980-аад оноос эхлэн одоог хүртэл яригдаж байна. Энд хамгийн хэцүү асуудал нь хүхрийн хүчлийн асуудал байдаг юм. Зэс хайлуулах үйлдвэрээс гарах их хэмжээний хүхрийн хүчлийг шингээх, ашиглах үйлдвэрлэл манайд байхгүй. Фосфоритын хүдрийг ашиглаж фосфорын бордоо гаргах хувилбар хамгийн боломжтой боловч бидний амьдарч байгаа энэ үед энэ бараг л боломжгүй.
- Яагаад боломжгүй гэж?
- Уг нь манайд бүрэн судлагдсан, ашиглахад бэлэн Бүрэнхааны   фосфоритын орд гэж бий. Харамсалтай нь тэр орд маань өөрсдийгөө “уул уурхайгүй” гэж тунхагладаг Хөвсгөл аймагт байдаг юм. Аливаа ашигт малтмалын  орд Үндсэн хуулиар төрийн нийтийн өмч. Гэтэл хязгаарлагдмал ашиг сонирхлын үүднээс ашиглуулахгүй, хориг тавиад суугаад байдаг. Хүхрийг өөр хэлбэрээр ялган авч болох боловч энэ нь өртөг зардал ихтэй учраас хайлуулах үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг доош нь татаж унагачихаад байдаг юм. Тэгэхээр эрдсийн түүхий эдээ баяжуулж, баяжмал хэлбэрээр гаргаж байх нь дээр санагддаг. Тэгээд ч металлургийн үйлдвэр гэдэг өртөг зардал ихтэй, ашиг орлого нь ердийн (манайхан учиргүй хэд нугарсан ашигтай юм шиг ойлгоод байдаг), байгаль орчинд төдийлөн таатай биш үйлдвэрлэл байдаг.
Хүдэр олборлолт – баяжуулалт - металлургийн үйлдвэрлэл - металл боловсруулалт - машины үйлдвэрлэл гэсэн гинжин хэлхээний хамгийн өртөг зардал ихтэй, байгаль орчинд халгаатай нь металлургийн үйлдвэрлэл байдгийг манай бодлого боловсруулагчид эрхбиш харгалзан үзэх нь зүйтэй санагддаг.  
- Хамгийн ашигтай нь аль нь вэ? Монгол улс тэр шатанд нь явж байна уу?
- Энэ гинжин хэлхээний хамгийн ашигтай нь металл боловсруулалт, машины үйлдвэрлэл гэж үздэг. Ийм үйлдвэрлэлтэй улс орнуудад металлургийн үйлдвэр гарцаагүй шаардлагатай. Харин манайд бол ийм шаардлага тулгамдаагүй байна. Байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийн асуудал хурцаар тавигдаж, шаардлага нь улам нарийсч байгаа өнөө үед металлургийн үйлдвэрүүд байгаль орчныг хамгаалах, хүхэрт хийг цэвэршүүлэх, шаарга, хаягдлаар гарч буй химийн бодисуудыг хоргүйжүүлэх, аюулгүй хадгалах зэрэгт өртөг зардлынхаа үлэмж хэсгийг зарцуулж байна. Ийм нөхцөл байдлын улмаас байгаль орчны шаардлага, стандарт сулавтар орнууд руу металлургийн үйлдвэрлэл шилжиж буй хандлага ч ажиглагдаж байх шиг. 
-Баяжмал борлуулахад одоо ямар ямар хууль дүрэм мөрдөгдөж байна?
- Баяжмал маань ердийн бараа, бүтээгдэхүүний нэг юм болохоор манай гадаад, дотоод худалдааны бүхий л хууль журмыг мөрдөнө.  Гэхдээ эрдсийн бүтээгдэхүүнд нэг онцлог бий. Энэ бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ,  роялти мөн.  Ашигт малтмал нь төрийн нийтийн өмч бөгөөд уул уурхайн компани нь төрийн нийтийн өмчийг гэрээний үндсэн дээр ашиглаж байгаагийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлдөг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нөхцөл, журам, хэмжээг Ашигт малтмалын тухай хуульд нарийн заасан байгаа. 
- Ашигт малтмалд дагалдах элементүүдэд АМНАТ хэрхэн тооцдог вэ?
- АМНАТ-ийг тухайн хүдэр, баяжмалд агуулагдаж буй үндсэн болон дагалдах метал-элемент тус бүрт ногдуулдаг. Тухайлбал, зэсийн баяжмалд үндсэн элемент нь зэс бөгөөд дагалдах элемент нь баяжмалд агуулагдаж буй алт, мөнгө, селен, төмөр, хөнгөн цагаан гэх мэт металл-элементүүд байх бөгөөд манай улс эдгээрт бүгдэд нь АМНАТ ногдуулж байна. 
Эхний ээлжинд Монгол Улсын гаалийн баталгаат лабораторид тухайн хүдэр, баяжмалыг шинжилж, тэдгээрт агуулагдаж буй үндсэн болон дагалдах металл-элементүүдийн агуулгыг тодорхойлдог бөгөөд борлуулж буй хүдэр, баяжмал дахь үндсэн болон дагалдах металл-элементийн биет хэмжээг тэдгээрийн дэлхийн зах зээлийн, эсвэл манай Засгийн газрын зарласан үнээр үржүүлж борлуулалтын үнэлгээг гаргадаг. Энэхүү борлуулалтын үнэлгээний тодорхой хувиар АМНАТ ногдуулж, улсын төсөвт төвлөрүүлдэг юм.
Тухайлбал, өөрийн хэрэгцээнд ашигласан, эсвэл дотоодод борлуулсан нүүрсэнд борлуулалтын үнэлгээний 2,5%, алт болон бусад металлд борлуулалтын үнэлгээний 5,0%-иар АМНАТ ногдуулдаг. 
Мөн үндсэн болон дагалдах элементийн дэлхийн зах зээлийн үнээс хамаарсан өсөн нэмэгдэх АМНАТ ногдуулдаг, өөрөөр хэлбэл үнэ өндөр байх тусам өссөн хувиар АМНАТ төлнө гэсэн үг. Зэсийн баяжмалаар жишээ авъя. Дэлхийн зах зээл дээр 1 тонн зэсийн үнэ 5000 доллараас бага байвал борлуулалтын үнэлгээний 5,0%-иар АМНАТ ногдуулна. Харин зэсийн үнэ 7000-8000 доллар байвал үндсэн 5,0% дээр 13%-ийг нэмж, борлуулалтын үнэлгээний 18,0%-иар, 9000 долларааас дээш байвал  15,0%-ийг нэмж борлуулалтын үнэлгээний 20,0%-иар АМНАТ төлнө, гэх мэтээр үнийн интервал, өсөн нэмэгдэх АМНАТ-ийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуульд зааж өгсөн байдаг.  
Бас эрдсийн түүхий эдийн боловсруулалтын түвшингээс хамааран ялгавартай АМНАТ ногдуулдаг, өөрөөр хэлбэл, хүдэрт илүү өндөр хувиар, баяжмалд арай бага, цэвэр металлд түүнээс бага хувь хэмжээгээр АМНАТ ногдуулна. Мөн л зэсээр жишээ авъя. 1 тонн зэсийн үнэ 9000 доллараас дээш байхад 20,0%-ийн АМНАТ-ийг зэсийн баяжмалд ногдуулна гэж дээр дурдсан. Тэгвэл зэсийн хүдэр борлуулсан бол 35,0%-ийн, харин цэвэр металл зэс борлуулсан бол 10,0%-ийн АМНАТ ногдуулна. Энэ нь эрдсийн түүхий эдийг илүү гүнзгий боловсруулах явдлыг татвар (АМНАТ)-ын бодлогоор дэмжиж байгаа хэрэг гэж ойлгож болох юм. 
- АМНАТ-ийн талаарх одоогийн хууль журмыг баримтлахад уул уурхайн компаниудад ямар хүндрэл бэрхшээл учирдаг вэ?
- Манай улсад мөрдөгдөж буй АМНАТ-ийн тогтолцоог хэрэгжүүлэх, дагаж мөрдөхөд харьцангуй хялбар, зайлсхийхэд хэцүү, эдийн засгийн хувьд үр ашигтай, тун боломжийн тогтолцоо гэж дотоод, гадаадын экспертүүд үнэлдэг юм билээ. Гэхдээ олон улсад, хаана ч байдаггүй нэг гажуудал манай АМНАТ-ийн тогтолцоонд байгааг тэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Энэ нь дагалдах металл-элементүүдэд ногдуулж буй АМНАТ-ийн асуудал. Манай дотоодын уул уурхайн компаниуд ч энэ асуудлыг л хөнддөг, асуудал тавьдаг, шүүхийн маргаан үүсгэсэн ч тохиолдол байдаг юм.
Ашигт малтмалын хүдэр, баяжмалд агуулагдаж буй дагалдах металл-элементүүдийг олон улсын практикт хоёр ангилан авч үздэг.
Нэгдүгээрт, тухайн хүдэр баяжмалыг цаашид боловсруулах явцад өнөөгийн техник, технологийн түвшинд ялган авах боломжтой, тэр нь дагалдах бүтээгдэхүүн болж, боловсруулах үйлдвэртээ орлого ашиг өгдөг дагалдах элементүүд - тэдгээрийг “ашигт” буюу “credit” дагалдах элементүүд гэдэг. Тухайн ашигт дагалдах металл-элементийн хүдэр, баяжмал дахь агуулга нь олон улсын практикт тогтсон хэмжээнээс өндөр байвал худалдан авагч тал нь уул уурхайн компанид нэмэлт төлбөр төлдөг. Тухайлбал, зэсийн баяжмал дахь алт, мөнгө, селен, теллур, цайрын баяжмал дахь мөнгө, кадмий зэрэг нь “ашигт” буюу “credit” дагалдах металл-элементүүд бөгөөд, тэдгээрийн баяжмал дахь агуулга нь олон улсын худалдааны практикт тогтсон хэмжээнээс өндөр байвал тэрхүү өндөр байгаа хэсгийн тодорхой хувьд нь олон улсын зах зээлийн үнээр бодож, худалдан авагчаас уул уурхайн компанид нэмэлт төлбөр төлдөг. 
Хоёрдугаарт,  тухайн хүдэр баяжмалыг цаашид боловсруулах явцад өнөөгийн техник, технологийн түвшинд ялган авах боломжгүй, технологийн процесст хортой нөлөө үзүүлж, боловсруулах үйлдвэрийн өртөг зардлыг өсгөдөг дагалдах элементүүд - тэдгээрийг “торгуулийн” буюу “penalty” дагалдах элементүүд гэдэг. Тухайн “торгуулийн” дагалдах металл-элементийн хүдэр, баяжмал дахь агуулга нь олон улсын практикт тогтсон хэмжээнээс өндөр байвал худалдан авагч тал нь уул уурхайн компанид торгууль тавьдаг.
- Технологийн процесст хортой нөлөө үзүүлнэ гэдгийг жишээгээр тайлбарлаж болох уу?
- Технологийн процесст хортой нөлөө үзүүлнэ гэдэг нь, үндсэн металлын гарцыг бууруулах, боловсруулж буй материал, хаягдал шааргын хайлах температурыг өсгөх, ингэсээр үйлдвэрлэлийн зардал, тухайлбал түлш, цахилгааны зардал өсөх, байгаль орчинд хортой, сөрөг нөлөө бүхий бодис, нэгдлүүд үүсэж байвал тэдгээрийг ялган авах, хоргүйжүүлэх, аюулгүй хадгалах гэх мэт нэмэлт зардлууд шаардлагатай болох зэргийг хэлж байгаа юм.
Өмнөх асуулт руугаа эргээд ороход манай тогтолцоонд дагалдах металл-элементийн “ашигт”, эсвэл “торгуулийн” эсэхийг үл харгалзан, лабораторийн шинжилгээгээр гарсан бүх дагалдах металл-элементүүдэд АМНАТ ногдуулдаг. Жишээ нь, төмрийн хүдэр, баяжмалд агуулагдаж буй хөнгөн цагаан нь ялган авах боломжгүй, “торгуулийн” элемент боловч манайх АМНАТ ногдуулдаг, хөнгөн цагаан нь төмрөөс олон дахин өндөр үнэтэй учраас хөнгөн цагаанд ногдуулсан АМНАТ-ийн хэмжээ нь нийт АМНАТ-д томоохон хувь эзэлдэг.
Ашигт малтмалын хүдэр, баяжмал дахь “ашигт” дагалдах элементүүдэд АМНАТ ногдуулах нь зүйн хэрэг. Харин уул уурхайн компанийн борлуулалтын орлогод хувь нэмэргүй, харин ч бүр торгууль ногдож, борлуулалтын орлогыг нь бууруулдаг “торгуулийн” дагалдах элементүүдэд АМНАТ ногдуулах нь зохимжгүй, шударга бус юм.      
АМНАТ-ийн талаарх одоогийн хууль журмыг баримтлахад уул уурхайн компаниудад учирч буй гол хүндрэл бэрхшээл энэ л байх шиг байна.
- Бямбажав гуай, цаг зав гарган ярилцсанд, мөн мэргэжлийн хүний хувьд энэ асуудал дээр санал бодлоо хуваалцсанд их баярлалаа.
 

Санал болгох