Jun 22, 2022

Нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлвийг судалж, танилцууллаа

Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2) Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Ашигт малтмал, газрын тосны газартай (АМГТГ) хамтран, энэ сарын 15, 16-ны өдрүүдэд “Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн баялаг, хэтийн төлөв” сэдэвт семинар, “Нүүрсний давхаргын метан хийн геологи, хайгуул, баялаг ба нөөцийн ангилал, баялгийн үнэлгээ” сэдэвт ахисан түвшний сургалт зохион байгууллаа. 

Зургаадугаар сарын 15-нд Туушин Бест Вестерн зочид буудалд болсон семинарт УУХҮЯ, АМГТГ, Үндэсний геологийн алба (ҮГА)-ны мэргэжилтнүүд оролцсон бол 16-ны өдөр Новотел зочид буудалд зохион байгуулсан сургалтад нүүрсний давхаргын метан хий (НДМХ)-н чиглэлээр ажилладаг 80 геологич, их сургуулийн багш, судлаач нар хамрагдсан. 

Австралийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй АМЕП 2 хөтөлбөр АМГТГ-ын хүсэлтээр НДМХ-н хэтийн төлвийг Монгол Улсын хэмжээнд ийнхүү анх удаа тодорхойллоо. Ингэхдээ дотоод, гадаадын мэргэжилтнүүд НДМХ-н дата мэдээллийг олон улсын стандарт, PRMS арга зүйгээр, чанарын хяналттай тооцоолон гаргасан байна. Австралийн “Сайфер” зөвлөх компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Куинсландийн Технологийн их сургуулийн профессор Тим Мур, Зөвлөх гидрогеологч Райн Моррис, АМЕП 2 хөтөлбөрийн Зөвлөх Б.Эрдэнэцогт нар 6 дугаар сарын 15-ны семинарт Австрали, Монголын нүүрсний давхаргын метан хийн онцлог, гидрогеологийн нөхцөл, баялгийн үнэлгээ хийсэн талбайн сонголт, шалгуур, үр дүн зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. 

Харин 6 дугаар сарын 16-ны өдөр Новотел зочид буудалд болсон ахисан түвшний нарийвчилсан сургалт нь геологич нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. Монголын НДМХ-н холбооны Гүйцэтгэх захирал В.Ганзориг сургалтыг нээн үг хэлжээ. Сургагч багш Тим Мур агуулагч чулуулгийн гарал үүсэл, газрын тос ба  уламжлалт бус хийн геологийн загварчлал, НДМХ-н өрөмдлөгийн тоног төхөөрөмж ба арга аргачлал, НДМХ агуулагчийн хамгийн чухал шинжүүд, хийг хэмжих нь, НДМХ-н хураагуурын структур зэрэг сэдвээр сургалтыг удирдан явуулсан юм. 

АМЕП 2 хөтөлбөр УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газартай хамтран, 2019 оноос НДМХ-н чиглэлээр Австрали Улсын эрх зүйн орчны сайн туршлагыг Монголд танилцуулах, бодлого зохицуулалтыг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ ажлын хүрээнд “НДМХ-н болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” явуулж, “Монголын НДМХ - Татварын зохицуулалтын харьцуулсан үнэлгээ” хийж, оролцогч талуудад танилцуулсан. 

Улмаар 2021 онд АМГТГ, ҮГА-тай хамтран, “НДМХ-н геомэдээллийг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж, НДМХ-н хэтийн төлвийн судалгаанд техникийн туслалцаа үзүүлж, тус судалгааны ач холбогдол, эдийн засаг, байгаль орчны хүчин зүйлс зэрэг цогц асуудлаар судалгаа, семинар зохион байгуулж байсан юм.

Дараах гарчгууд дээр дарж, та семинар болон сургалтын үеэр танилцуулсан илтгэлүүдийг татаж авах боломжтой. 

1. Хураагуурын шинж чанарын үүсэл: Хүлэрээс нүх сүв - Илтгэл 
2. Өрөмдлөгийн багаж, арга аргачлал, дүрэм журам - Илтгэл
3. Нүүрс болон чулуу - Илтгэл
4. Хийн хэмжилт - Илтгэл
5. НДМХ-н хураагуурын чухал шинж чанарууд - Илтгэл
 

Санал болгох