Apr 11, 2023

БОНЗ тогтвортой, хариуцлагатай уул уурхайг бүтээлцэнэ

Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) бол хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн төслийн тогтвортой байдлыг үнэлэх шинэ арга юм. Аливаа компанийн санхүү ба БОНЗ-ын хоорон дахь үзүүлэлтүүдийн уялдаа холбоо нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг төдийгүй хөрөнгө, санхүүжилт босгоход голлох хүчин зүйл болдог.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 (АМЕП 2)-ын зүгээс PwC Монгол компанитай хамтран "Олборлох үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил ба Байгаль Орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)" хурал, арга хэмжээг 4 дүгээр сарын 11-ний Мягмар гаригт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд эрдэс баялгийн салбарын 40 гаруй компанийн 50 орчим төлөөлөл оролцож, БОНЗ-ын ач холбогдол, хууль эрх зүйн орчин болон сайн дурын санаачилга, тайлагнах үйл явц зэрэг сэдвээр илтгэл танилцуулга сонсож, санал, байр сууриа илэрхийллээ. Мөн Казакстан, Перу улсаас хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд олон улсын сайн туршлагаас хуваалцаж, танилцууллаа.

АМЕП 2 хөтөлбөрийн зүгээс “Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын шаардлагуудыг хангах сайн дурын үйл явцын түргэвчилсэн үнэлгээ”-г танилцуулж, “Олборлох үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан БОНЗ-ын арга зүй” сэдвээр сонгогдсон 20 компанийн төлөөлөлд сургалт явуулж байна.

АМЕП 2 хөтөлбөр нь “Байгаль орчин, Нийгмийн сайн сайхан, Засаглал, Хариуцлагатай санхүүжилтын талаарх Монголын уул уурхайн компаниудын ойлголтыг нэмэгдүүлэх” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл нь үндэсний болон олон улсын уул уурхайн компаниуд, санхүүжүүлэгч болон шийдвэр гаргагчдад БОНЗ хэмээх ухагдахууны талаарх ач холбогдлыг таниулах, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. БОНЗ-ын ойлголтыг нэмэгдүүлснээр стандарт сайжирч, Монголын уул уурхайн салбарт итгэх итгэл нэмэгдэж, урт хугацаандаа хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм. 

Санал болгох