May 05, 2023

АМЕП 2 хөтөлбөр “Хариуцлагатай уул уурхай өдөрлөг”-ийг дэмжин ажиллаж байна

Австрали-Монголын Эрдэс Баялгийн Салбарын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр 2 (АМЕП 2)-ын зүгээс Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам болон бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран анх удаа “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгийг Эрдэнэт хотод зохион байгуулж байна.

Эрдэс баялгийн салбарын тухайн орон нутагт оруулах ашиг тус, үр нөлөөний талаарх судалгаанд суурилсан, бодит мэдээллийг хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, хариуцлагатайгаар явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү өдөрлөгөөр илтгэгчид төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт, олон улсын болон дотоодын нөхцөл байдал, уул уурхайн ил тод байдал, байгаль орчин, орон нутгийн харилцаан дахь санал санаачилга зэргийг хэлэлцүүлэх юм. Өдөрлөгт Улаанбаатар хотоос болон Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компани, тухайн аймгуудын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэдээс бүрдсэн нийт 400 орчим оролцогч хүрэлцэн ирсэн бөгөөд хариуцлагатай уул уурхай гэж юу болох, үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар өөрсдийн санал бодол, байр сууриа солилцож, ойлголтоо нэгтгэх боломж бүрдэж буй.

АМЕП 2 хөтөлбөр нь Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, хувийн хэвшил болон иргэний нийгмийн хамтын ажиллагаанд тулгуурлан хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, оролцоотой, нээлттэй, орон нутгийн харилцаа, байгаль орчинд анхаарсан хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Энэхүү зорилгынхоо хүрээнд 2022-2023 онд мэдээллийн системийг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэхээс эхлэн орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, Байгаль орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)-ын ойлголтыг нэмэгдүүлэх зэргээр 8 төсөл хэрэгжүүлж байна. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай уул уурхайг дэмжих нь” төсөл нь хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтыг илүү олон компани, байгууллага, оролцогч талд хүргэж, тэдгээр нь “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ыг үйл ажиллагаандаа сайн дураар дагаж мөрддөг болгоход чиглэж буй. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол уул уурхайн компаниуд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүйсийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангасан, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг дээдэлсэн, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг, нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө хамгийн бага байлгахыг эрмэлздэг, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх юм.

Санал болгох