Dec 14, 2023

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн оюутнууд АМЕП хөтөлбөрийн хамт олноор зочиллоо

2023 оны 12 сарын 13-ны өдөр Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөрийн хамт олноор Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн оюутнууд зочиллоо. Доктор Энхзаяа багшаар удирдуулсан үйлдвэрлэлийн инженер мэргэжлээр суралцаж буй 17 оюутанд АМЕП хөтөлбөрийн багийн ахлагч хатагтай Рена Гүендүез дурдсанчлан төслийн удирдлага, олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч АМЕП хөтөлбөрийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс онцлон олон нийт, нийгэмд хэрхэн үр өгөөжөө өгч буй талаар яриа өрнүүлсэн юм. 
 
Хатагтай Рена Гүендүез өөрийн арвин их туршлагаас тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа болон Байгаль Орчин, Нийгэм, Засаглалын чиглэлүүдийг онцлон оюутнуудын хичээл дээр үзэж буй онолын мэдлэг бодит амьдралд, тэр дундаа эрдэс баялгийн салбарт хэрхэн хэрэгждэг талаар харамгүй хуваалцсан билээ. Оюутнуудын зүгээс ч эрдэс баялгийн салбарын талаар олон асуулт асууж, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдийн харилцааны талаар санал солилцож амжсан юм. 

АМЕП хөтөлбөр 2024 оноор дуусгавар болж байгаатай холбоотойгоор нийтлэн гаргасан гарын авлага, ном товхимол, тайлан материалуудыг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд хүлээлгэн өгөхөөр болсон. АМЕП хөтөлбөрөөс хүлээлгэн өгч буй эдгээр материалууд нь бидний олж авсан туршлага мэдлэг, нийтлэн гаргасан бүтээлүүдийг дараагийн үед өвлүүлэх, улмаар хөтөлбөрийн үр нөлөөг улам нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. 

АМЕП хөтөлбөрийн зүгээс шинэ үеийн инженер, мэргэжилтнүүдэд зориулсан энэ мэт үйл ажиллагаа, санал санаачилгууд нь эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Санал болгох